Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Би Төм аймгийн Лүн суманд төрж өссөн. Намайг анх сургуульд ороход Улаанбаатар хотод шилжин ирсэн. 1968 онд нийслэлийн 17-р сургуулийн 10-р ангийг төгсөж Анагаах Ухааны Дээд сургуульд элсэн орж 1975 онд Дотрын эмчилгээний анхны 6 жилийн төгсөгч билээ. Төгсөөд Дархан хотын Эрүүл Мэндийн газрын мэдэлд хуваарилагдан Шарынголд Дотрын эмчээр хуваарилагдан ирж ажил амьдралын гараагаа уурхайчдын хот, тосгон, сум Дархан Хайрхантайгаа холбогдож суугуул иргэн боллоо доо.
Та сум нутагтаа 40-н жил ажиллаж амьдарчээ. Энэ талаараа товч танилцуулна уу?
Ажлын гараагаа Нэгдсэн эмнэлэгийн цехийн эмчээр эхэлж дотрын эмч, тасгын эмч, ерөнхий эмчээр ажиллаа. Би шарынголын нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр 20 жил, сувилал эрхэлсэн эмчээр 10 жил, ЭАХСХ улсын байцаагч эмчээр 2 жил, эмнэлэг сувилалын эмчээр 8 жил ажиллаж одоо ч ажилласаар байна.
Та гэр бүл үр хүүхдийнхээ тухай товч танилцуулахгүй юу?
Би 7 хүүхэдтэй айлын том охин. Нөхрийг маань С.Төмөрбаатар гэдэг. Сум орон нутагтаа 40-д жил удирдах ажил хийсэн сэхээтэн хүн. Саяхан эгч нь том хүү Гантулга бэр Уянга , ач хүү Номуударь, Тэнгис нартайгаа 3 сар амьдарч байгаад ирлээ. Удаах хүүхдүүд маань Шарынгол ХК жолооч, 2-р сургуульд багш, эмзүйчээр ажиллаж байгаа бөгөөд эгч нь 6 ач зээтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна.
Та шарынголынхоо тухай товч ярих уу?
Шарынгол маань миний амьдралын хамгийн их дурсамж дүүрэн нутаг орон. Ард иргэд, ах дүү, найз нөхдийн сайхан сэтгэлийн тус дэм, ажил амьдралын жинхэн их сургуулийн түүх юмаа. Ид залуу нас, мэдлэг оюунаа энэ л нутаг орныхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө зориулан ажиллаж амьдарсандаа бахархаж явна даа. Энэ жил анхны 6 жилийн төгсөлтийн АУДсургуулийн 40 жилийн ой болж Монгол улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөдтэйгөө уулзаад их сэтгэл хөдөлж сайхан байлаа.
Та Шарынголчууддаа хандаж юу хэлмээр байна?
Шарынголчууд ажил мэргэжлийн маш өндөр ур чадвартай эвсэг, нөхөрсөг сайхан хүмүүс шүү дээ. Цаашдынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэх чадвар бий. Ер нь айл өрхөд ажилтай хүн байж өрхийнхөө гишүүдийг тэжээд чаддаг байвал сум орон байтугай улсад ч хүндрэл ачаалал үүсэхгүй шүү дээ. Өрх гэр бүл хүнд чиглэсэн оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж чадвал богино хугацаанд ажил амьдрал аяндаа дээшлэнэ дээ. Шарынголынхоо ахмад дунд үеийнхэн, залуучууд, хүүхэд багачууд нийт иргэд та бүхэндээ өнөтэй сайхан өвөлжиж сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.
та олондоо нэрээ дуурсгасан эмчээ гэж хүндлүүлж байдагт баярлаж явдаг нэгэн билээ би.
ReplyDelete